Магистр, докторын ажил
Магистр, докторын дипломын ажил гэдэг нь сонгож авсан сэдвийн дагуу боловсруулалтын явц үр дүнг тусгаж нэгдмэл нэг санаа илэрхийлсэн эрдэм шинжилгээний агуулга бүхий төгсөлтийн бие даасан ажил юм. Энэ ажил шинжлэх ухааны, тенхикийн хөгжлийн орчин үеийн түвшинд нийцэж сэдэв нь цаг үеэ олсон чухал асуудлыг хөндсөн байх ёстой.
Магистр, докторын дипломын ажил нь олж авсан мэдээллийг бичгийн болон зурагт материалын хэлбэрээр бататгаж, түүнийг бичигч цуглуулсан эрдэм шинжилгээний баримт материалаа өөрийнхөөрөө цэгцлэн дүгнэж, нэр төр, уламжлал буюу итгэл үнэмшилд тулгуурлах биш, харин ухамсарлуулан ойлгуулах замаар аливаа нэгэн үндэслэлийн шинжлэх ухааны үнэ цэнэ буюу түүний практик ач холбогдлыг нотолдог байна.
Диссертаци гэдэг нь – /латин хэлний “dissertaitio” тунгаан бодох, судлах гэсэн утгатай/ - эрдмийн зэрэг горилж, нээлттэй хамгаалахад зориулагдсан мэргэжил, ур чадварын өндөр төвшинд бичигдсэн шинжлэх ухааны бүтээлийн тусгай хэлбэр байдаг. Докторын зэрэг горилсон бүтээл нь БСШУЯ-ны 2003 оны 110 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын“докторын зэрэг хамгаалуулах дүрэм” 4.2 б-д зааснаар шинжлэх ухаан, технологид тодорхой хувь нэмэр оруулж, онол практикийн асуудлыг шийдвэрлэсэн, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн, сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх асуудлыг тусгасан байна.