Бие даалт \оюутны бие даасан ажил\
Оюутны бие даасан ажил ОБДА гэдэг бол сургалтын стандарт, хөтөлбөр, оюутны хэрэгцээ,сонирхол, чадавхи, ирээдүйн мэргэжлийн шаардлага зэргийг үндэслэн хичээлийн бус цагаар багшийн шууд бус арга зүйн удирдлага туслалцаа дор явагдаж буй оюутны бие даан суралцах, судлах, бүтээл гаргах үйл явц юм. ОБДА-ын гол онцлог бол энэ нь судалгаа шинжилгээний шинжтэй, бүтээлч үйл ажиллагаа болсоор байгаа явдал юм. ОБДА нь:
1. Оюутны заавал хийх ажлын сэдэв,
2. Оюутны сонгож хийх ажлын сэдэв,
3. Оюутан өөрөө сонирхсон сэдвээ дэвшүүлж түүгээрээ судалгаа хийх гэсэн хэд хэдэн янз байна.
Оюутны бие дааж хийх ажлын түвшин: сурган хүмүүжүүлэх ном зохиолд ОБДА-ыг гурван түвшинд хуваан үздэг. Эдгээр нь:
1. Сэргээн хуулбарлах
2. Өөрчлөн хувиргах
3. Бүтээлч
Сэргээн хуулбарлах түвшний бие даасан ажлын зорилт бол оюутны мэдлэгийг бататгаж улмаар түүнд чадвар дадал төлөвшүүлэх явдал юм. Энэ тохиолдолд оюутан бэлэн загвар ашиглаж сурах үйлийг хэлнэ. Энэ түвшний ОБДА-ын мөн чанар нь мэдлэгийг таних, ухамсарлах, тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэхэд чиглэнэ. Түүнд даалгавар, дасгал гүйцэтгэх, бодлого бодох, коллоквиум өгөх, мэдээлэл хийх, хүснэгт бөглөх гэх мэт ажил багтана.
Өөрчлөн хувиргах түвшний бие даасан ажлын зорилт бол оюутанд эзэмшсэн мэдлэгээ өөр шинэ нөхцөлд шилжүүлэн хэрэглэх чадвар олгох явдал юм. Үүний тулд оюутнаар уншсан зүйлийн төлөвлөгөө зохиохоос эхлээд тодорхой асуудлаар өөрийн санаа бодлоо найруулан бичих, ажлуудыг хийлгэх зэрэг багтана. Жишээ нь оюутан эссе бичих, бодлого зохиох, реферат бичих гэх зэрэг ажлыг хийнэ.
Бүтээлч түвшний ОБДА-ын зорилт бол оюутанд тодорхой үзэгдэл, асуудал, нөхцөл гэх зэрэгт тодорхойлолт өгөх, асуудлыг бие дааж шийдвэрлэх, шинэ мэдлэг бүтээж бий болгох гэх зэрэг арга барилыг эзэмшүүлэх явдал юм. Үүний тулд оюутнаар шийдвэрлэх асуудлыг олуулах, түүнийг хэрхэн шийдэх талаар эрэл хайшуул хийлгэх, төсөл боловсруулах ба судалгаа хийлгэх, судалгааны материалд боловсруулалт хийлгэх, тайлан бичиж хамгаалуулах, ангийн ажил болон дипломын ажил гэх зэргийг хийлгэнэ.
Оюутны ямар ч төрлийн бие даасан ажил бүтцийн хувьд оршил, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн хэсэгтэй байх ба эцэст нь ашигласан ном зохиолын жагсаалт, хавсралт материал гэх зэргээс бүрдэнэ.
Оршил хэсэгт: оюутан тухайн сэдвийг яагаад сонгосон үндэслэл, түүний онолын болон практик ач холбогдол, дэвшүүлж буй зорилго зорилт, хэрэглэсэн судалгааны арга зэргийг тодорхой бичнэ. Хэмжээний хувьд энэ нь 1-2 хуудас байхад хангалттай.
Үндсэн хэсэгт: тухайн сэдвийн мөн чанарыг гаргана. Тулгуур ухагдахууны утга агуулга тодорхойлолт, асуудлын судлагдсан байдлыг тоймлон гаргах, түүнд дүн шинжилгээ хийх, судалж буй үзэгдлийн бүтэц, төрөл, хэлбэр, уг үзэгдэл сургуулийн амьдрал практикт ямар байгааг судалж дүн шинжилгээ хийх, ололттой болон шүүмжлэлтэй ямар зүйлс байгаа зэргийг бичнэ.
Дүгнэлт хэсэгт: дэвшүүлсэн зорилго зорилтыг хэрхэн шийдсэн, судалгааны явцад юу шинээр олж мэдсэн, тогтоосон, цаашид яах талаар тодорхой санал дэвшүүлнэ.
Оюутан уг бие даасан ажлыг хийхдээ уншиж ашигласан ном бусад материалын жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ.