Ромын эрх зүй Лекц №1
Ромын эрх зүйн ерөнхий ойлголт,
судлахын ач холбогдол,
хөгжлийн үе шат.
Ромын эрх зүй нь анх эртний Ромд үүсэн бөгөөд МЭӨ 8-р зуунаас МЭ 6-р зуун хүртэл хугацаанд оршин тогтнож байсан түүхтэй. Ромын эрх зүй нь эртний ромын нийгмийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний бүрдэл цогц мөн.
Ромын эрх зүй тухайн үеийн нийгмийн байгуулалын хөгжлөөс шалтгаалан янз бүрийн үе шатыг дамжин хөгжиж ирсэн байдаг. Эрдэмтэд ромын эрх зүйн хөгжлийн үе шатыг янз бүрээр тайлбарладаг. Ромын эрх зүйн хөгжлийг ромын төрөөс салган ойлгож болохгүй. Ромын эрх зүйн хөгжлийн үечлэлийг бодитой зөв тодорхойлход Ромын төрийн түүхийн үе шатыг авч үзэх явдал арга зүй-танин мэдэхүйн ач холбогдолтой.
Ромын төрийн түүхэн хөгжлийг дараах 3 үе шат болгон ангилна.
1. Ромын хаант улсын үе. /МЭӨ 753-509/
Энэ үед овгийн байгуулал бүрэн задарч, нийгэм нь бүхэлдээ төрт байгуулалд шилжин орсон бөгөөд хаант засгийн хэлбэр оршин тогтнож байжээ.
2. Ромын Бүгд Найрамдах Улсын үе. /МЭӨ 509-27/
Энэ үеээс хаант засаг задралд орж, төрийн бүрэн эрхийг Сенатад төвлөрүүлж, сонгуулийн үндсэн дээр төр захиргааны албан тушаалыг /консул/ бий болгон, засаг захиргааны байгууллагуудын хуваарилан тогтоож хэлбэрийн төдий боловч сонгох, сонгогдох ёсыг бий болгосон байна.
3. Ромын Эзэнт Улсын үе. /МЭӨ 27 – МЭ 476/
Энэ үе бүгд нарамдах байгууллын үндэс суурь алдагдаж, түүний оронд хүчтэй засаглал бүхий эзэн хаан засгийн бүх эрхийг гартаа төвлөрүүлж, эрх мэдлийн хүрээг өргөтгөн, цэрэг арми, цагдаа, шүүхийн аппаратыг улам бэхжүүлж хөгжсөн байна.
Ромын эрх зүйн хөгжлийн үе шатыг дараах байдлаар ангилна. Үүнд:
1. Сонгодог эрх зүйн өмнөх үеийн буюу Ромын эртний үеийн эрх зүй (МЭӨ VIII-IV зуун)
2. Сонгодог эрх зүйн өмнөх үе (МЭӨ IV-I зуун)
3. Сонгодог эрх зүйн үе (МЭ I-III зуун)
4. Сонгодог эрх зүйн дараах үе (МЭӨ IV-I зуун)
ь Юстинианаас өмнөх үе
ь Юстинианы үеийн буюу системчлэлийн үеийн гэсэн үед ангилагддаг
Энэхүү агилалын гол шалгуур нь:
1. Эрх зүйн эх сурвалж
2. Эрх зүйн зохицуулалтанд хамаарч буй субъектын хүрээ хязгаар
Сонгодог эрх зүйн өмнөх үеийн буюу Ромын эртний үеийн эрх зүй (МЭӨ VIII-IV зуун)
Эртний үед үйлчилж байсан хэм хэмжээ зөвхөн Ромын иргэд – Квиритүүдийн субъект болон оролцож байсан харилцааг хамаарч байжээ. Үүнтэй уяалдан уг эрх зүйг “Квиритийн эрх зүй” гэж нэрэлдэг.
Сонгодог эрх зүйн өмнөх үе (МЭӨ IV-I зуун)
МЭӨ 3-р зууны сүүлчээр Ром газрын дундад тэнгисийн хүчирхэг улс болж, патриц, плебей нарын тэмцлийн үр дүнд дотоодын шинэтгэл хийж эхэлсэн. Энэ нь Квиритийн эрх зүйн хэлбэрийн төдий байдал, субъектын хязгаарлагдмал хүрээг халж чаджээ. Эдгээр бүх өөрчлөлт 2 шинэ магистратын газрыг байгууллахад хүрсэн байна. Энэ 2 нь:
ь Хотын преторын магистратын газар. /МЭӨ 367 он/
ь Харь иргэн - преторын магистратын газар. /МЭӨ 242 он/ юм.
Претор бол иргэдийн хооронд үүссэн маргааныг урьдаар шүүн үздэг шүүхийн түшмэл юм. Тэрээр эрх зүйн бүхий л алдаа, хийдэл, боловсронгуй бус байдалтай тулгарч байдаг албан тушаалтнуудын анхных юм.
Сонгодог эрх зүйн үе (МЭ I-III зуун)
· Эрх зүй өөрийн оргил үедээ хүрч, эрх зүйн гол гол институт бий болсон.
· Эрх зүйн шинжлэх ухаан /jurisrudentia/ үүсч, шилмэл эрх зүйчдийн эгнээ өргөжиж, тэдний бүтээл хойч үеийн хуульчдын үйл ажиллагааны гол тулгуур болсон.
· Энэ үеийн эрх зүйннол эх сурвалж хуульчдын тайлбар /jus respondendi/ болж байв.
· Эрх зүйн шинжлэх ухааны түүхэнд анх удаа 2 урсгал /сургууль/ гарч ирсэн. Энэ нь Прокульяны, Сабиньяны сургууль юм.
· Хууль зүйн боловсрол, сургалтын тогтолцоо бүрэлдэж, сургалтад зориулагдсан бүтээлүүд гарсан. Тухайлбал: профессор Гайн институций. Уг сурах бичиг 5-р зуунаас эхлэн нилээд алдар хүндийг олжээ.
Сонгодог эрх зүйн дараах үе (МЭ IY-YI-р зуун)
Сонгодог эрх зүйн дараах үеийн Ромын эрх зүйн хөгжилд гарсан томоохон өөрчлөлт бол хүн төрөлхтний түүхэнд анх удаа хийгдсэн эрх зүйн системчлэл юм.
Ромын эзэнт гүрэн мөхсний дараа Ромын эрх зүйн системчлэл эрчимжсэн.
Тухайлбал: Юстинианы хааны үед 528-534 онуудад хуулийн хүчин чадал бүхий 3 эмхтгэл зохиогджээ. Үүнд:
1. Институций I.2.22.1 – Институций 2-р ном 22-р гарчиг, 1-р зүйл
2. Дигест D.4.8.9.2 – Дигесты 4-р ном, 8-р гарчиг, 9 дэх хэсэг, 2-р зүйл
3. Кодекс С.4.30.5 – Кодекс 4-р ном 30-р гарчиг, 5-р хууль
Институций / лат. Institio – сургаал /
Ромын хуульчдын хувийн эрх зүйн анхан шатны сурах бичгийн нэр. 2- р зууны үед амьдарч байсан Ромын нэрт хуульч Гайн институций хамгийн алдартайд тооцогддог. Уг институций 4 номонд хуваагддаг.
1-р ном – Эрх зүйн этгээдийн тухай
2-р ном, 3-р ном – үүрэг болон эд юмсын тухай
4-р ном – нэхэмжлэлийн тухай
Эдгээр нь Сэргэн мандалт, Дундад зууны үеийн хууль тогтоомжид /1804 оны францын Иргэний Кодекс/ тусгагдсан.
Эртний ромд Марциал, Каллисрат, Павел, Ульпианы институций зохиогдсон. 533 онд Юстинианы институций зохиогдсон. Уг институцийн гол эх сурвалж Гайн институций болж байв.
Дигест / Лат.Digesta – эмхэтгэл /
Юстиниан хааны үед Баруун ромын эзэнт улс мөхсний дараа хийгдсэн Ромын эрх зүйн эмхтгэлийн хамгийн чухал хэсэг юм.
Дигест нь ромын хуульчдын ромын эрх зүйн гол асуудлаар гаргасан санал, дүгнэлтийг /38 хуульч, 275 өгүүлэл / өөртөө багтаадаг.
Дигестийг зохиох ажил 530 оны 12 дугаар сарын 15-нд эхэлсэн. Трибионианаар ахлуулсан 15 нэртэй хуульчдаас бүрдсэн Комисс байгуулагдаж уг ажлыг явуулснаар 533 оны 12 дугаар сарын 30-нд Дигест хүчин төгөлдөр болсон. Дигест 50 ном, 432 гарчиг, 9123 хэсгээс бүрдсэн.
Дигест агуулгаараа 3 томоохон хэсэгт хуваагддаг.
1. Хууль, зан заншлаар дамжин илэрч байгаа ромын хуучны эрх зүйд хамаарах Ромын хуульчдын бүтээлийн хэсэг /jus civile /
2. Хожуу бий болсон преторын эрх зүйд зориулагдсан бүтээлийн хэсэг /jus preatorium /
3. Практик шинжтэй олон төрлийн зохиолын хэсэг тухайлбал: хуульч Папинианы зохиол
Хэсэг бүр зохиогчийн нэр, уг хэсэг нь нэрлэгдсэн зохиол бүтээлийн өөрийн нэртэй байжээ.
Дигестийн бүх номыг агуулгаар нь 7 хэсэгт хувааж болно. Үүнд:
1. 1-4 ном эрх зүйн талаарх ерөнхий тодорхойлолт /Ta prota /
2. 5-11 ном нэхэмжлэл гаргах ажиллагаа /De judiciis /
3. 12-19 ном үүргийн эрх зүй /De rebus /
4. 20-27 ном олон төрлийн институт (барьцааны эрх зүй шүүхийн нотолгоо, гэрлэх журам, гэр бүлийн харилцаа) /Umbicus /
5. 28-36 ном өв залгамжлалын эрх зүй /De testamentis /
6. 37-44 ном өв залгамжлалын эрх зүй /Pars sexta /
7. 45-50 ном цэргийн гэмт хэрэг /pars septima /
Дундад зууны хуульч, судлаачдын хувьд дигест 7-р зуунаас эхлэн тодорхой болсон байна. Дигестийг грекээр “пандект” гэж нэрлэдэг.
Кодекс / лат. Codex –хуулиудын эмхтгэл /
Хуулийн хураангуй акт, уг актад нэг төрлийн нийгмийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээнүүд нэгдэж системчлэгддэг.
Кодекс хууль тогтоомжийн системчлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог ажээ.
Ромын эрх зүйн системчлэлийн үр дүнд иргэний эрх зүйн эмхтгэл / Corpus juris civiles 528-534 /бий болсон. Уг эмхтгэл:
Юстинианы Кодекс / Codex Justinianus /
529 оны 4 сарын 7-нд хүчин төгөлдөр болсон. 12 ном болж хуваагдсан. 2-р зуунаас хойшхи ойролцоогоор 4600 хуулийг өөртөө багтаадаг. Түүнийг гарч ирсэнтэй холбоотойгоор Кодекст багтсан бүх хуулиуд заавал биелэгдэх шинжтэй, багтаагүй бол бүх хууль хуулийн хүчин чадлаа алддаг байжээ.
Дигест /Digesta /
Институци / Institutions / хуульчдын сургалтанд зориулсан сурах бичиг. Дигестийг зохиосон Комисс Институцийг зохиох ажлыг явуулсан. Дигест хүчин төгөлдөр болсон тэр өдөр Институци хүчин төгөлдөр болжээ.
Юстинианы Новелл / Novellae (Leges) Justinnani
Өмнөх гурван хэсгийг зохиогдсоны дараа батлагдсан хуулиудын эмхтгэл юм. 535-556 онуудын хооронд батлагдсан хуулиудыг өөртөө багтаасан хэсгээс бүрдэнэ.